

Олон улсын стандартад нийцсэн Автомат Клиринг Хаус буюу ACH+ системийг нэвтрүүллээ
Монгол банкны Гурван сая төгрөг хүртэл (3,000,000) төгрөгийн системийг бүрэн шинэчилж, ACH+ буюу Автомат клиринг хаус cистемийг бүрэн Саммит Компьютер Технологи компани нь АНУ-ын компанитай хамтран нэвтрүүллээ.
Тус систем банк хоорондын төлбөр тооцоонд нэвтэрснээр бодит цагийн горимын буюу гүйлгээг илгээсэн даруйд хүлээн авагчийн дансанд тусгагдах боломжтой системээ орчин үеийн шаардлагад нийцүүлснээс гадна ижил төрөл, зориулалт бүхий гүйлгээг багцлан илгээх, төлбөрийн нэхэмжлэлийг үндэслэн гүйлгээ үүсгэх, дансны нэгдсэн санг ашиглан гүйлгээ үүсгэх замаар харилцагчийн нэр данс зөрөх эрсдэлийг бууруулах болон шинэ дэвшилтэт төлбөрийн хэрэгслийн гүйлгээг дамжуулах чадавхтайгаараа онцлогтой билээ. Мөн тус системийг нэвтрүүлснээр Монгол Улсын бүх банк IBAN (International bank account number) олон улсын стандартыг хэрэгжүүлэх, аж, ахуйн нэгж байгууллагуудад зориулсан гарцыг бий болгож, төлбөр тооцоогоо шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, нөөц хөрөнгийг дансанд урьдчилан төвлөрүүлснээр үр дүнгийн тооцооллын үлдэгдэл хүрэлцэхгүй байх эрсдэл үгүй болох зэрэг олон улсын стандартад нийцсэн төлбөр тооцооны дэвшлүүд гарах юм.
АСН+ систем нэвтэрснээр гүйлгээний бодит цагийн горимоо хадгалахаас гадна хүлээн авагчийн нэр данс зөрөх алдаанаас үүдэлтэй гүйлгээ амжилтгүй болох эрсдэл буурах, харилцагчийн хүсэлтээр төлбөрийн нэхэмжлэхэд суурилсан дебит гүйлгээг илгээх боломжтой болсноор иргэд үйлчилгээ үзүүлэгч байгууллагатайгаа урьдчилан гэрээ байгуулсны үндсэн дээр байнгын давтамжтай аливаа хуваарьт төлбөр, тухайлбал хэрэглээний төлбөр, гар утасны төлбөр, зээлийн эргэн төлөлт зэргийг цаг хугацаанд нь, хоцрогдолгүйгээр төлөх нөхцөл бүрдэнэ.
Томоохон аж ахуйн нэгж байгууллагууд тус системд шууд холбогдох боломжтой болох тул заавал банкаар дамжуулахгүйгээр байгууллагын төлбөр тооцоогоо шуурхай гүйцэтгэх боломжтой болж байгаа. Мөн ижил төрөл болон зориулалт бүхий гүйлгээг багцлан илгээх боломжийг бий болгосноор банкууд зардлаа хэмнэх, системийн ачааллыг бууруулах, Засгийн газраас иргэдэд олгодог хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаалт болон сугалааны хонжворын мөнгө, цалин тэтгэвэр зэрэг олголтын гүйлгээнүүд иргэдэд шуурхай дамжуулагдах боломжтой болох юм.
Дээр дурдсанчлан АСН+ системийн томоохон хэсэг болох Дансны нэгдсэн санг нэвтрүүлснээр харилцагчид утасны дугаар, цахим хаяг зэрэг нэмэлт мэдээлэл ашиглан гүйлгээ илгээх, хүлээн авах боломж бүрдэнэ. Ингэснээр харилцагч өөрт дөт мэдээлэл ашиглан, хялбар аргаар гүйлгээ хийх зэрэг давуу талууд бий болно.





















